Баялгийн хараал ба олон улсын жишээ

Байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн өсөлт байгалийн баялаг багатай орнуудтай харьцуулахад доогуур байгааг анх Sachs ба Warner нар 1995 оны судалгаагаар харуулсан. Эдийн засгийн өсөлт ба байгалийн баялгийн уг сөрөг хамаарлыг БАЯЛГИЙН ХАРААЛ хэмээн нэрлэдэг (Auty, 1993).

Дараах зураглалд 1970 оноос хойших байгалийн баялгийн нийт түрээс (ДНБ-д эзлэх хувь) ба нэг хүнд оногдох тохируулсан үндэсний цэвэр орлогын хамаарлыг харуулав.

Хэвтээ тэнхлэг> Байгалийн баялгийн нийт түрээс (ДНБ-д эзлэх хувь): Бараа бүтээгдэхүүний үнэ болон түүнийг үйлдвэрлэх дундаж зардлын зөрүү. Нэгжийн түрээсийг тухайн улс орнуудын бараа тус бүрийн олборлосон тоо хэмжээгээр үржүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх хувь хэмжээгээр тодорхойлно.

Босоо тэнхлэг> Нэг хүнд оногдох тохируулсан үндэсний цэвэр орлого: Үндэсний нийт бүтээгдэхүүнээс үндсэн хөрөнгийн хэрэглээ, байгалийн нөөцийн олборлолт, ашиглалт зэргийг хасан нэг дүнд оногдох дүнг тооцоолсон. Энэ нь байгалийн баялгийн нөлөөг илүү бодитоор харуулахад боломжтойгоороо даваа талтай.

1. Голланд өвчин

Баялгийн хараалын талаарх анхны онолын таамаглалуудын нэг нь Corden ба Neary (1982) нарын дэвшүүлсэн санаа болох Голланд өвчин буюу "Dutch disease" юм. 1950-д оны сүүлээр Нидерландад илэрсэн байгалийн хийн нөөц ба үүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс үүдэн энэ нэршлийг өгсөн байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн гэнэтийн, түр зуурын бас хүчтэй өсөлтөөс шалгаалж дараах Голланд өвчний шинж тэмдэг илэрдэг.

  • Дотоодын (бодит) валютын ханшийн огцом өсөлт.
  • Төсвийн зардлын өсөлт. Гэнэтийн уул уурхайн орлого орж ирсэнээр улс төрийн дарамтанд орж (ялангуяа хөгжиж буй орнууд), тэвчиж чадахгүй мөчлөг дагасан, төсвийн тэлэлтийг хийдэг (бэлэн мөнгө тараах, засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэх гэх мэт).
  • Олон улсын зах зээлд худалдаалагддагүй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх (түрээс, үс засах г.м). Үүнд ханшийн өсөлт, төсвийн тэлэлт давхар нөлөөтэй.
  • Уул уурхайгаас хамааралгүй салбаруудын үйлвэрлэлтэд ашигдагддаг хөдөлмөр, хөрөнгө оруулалт зэрэг бусад нөөц нь уул уурхайтай холбоотой салбарууд руу шилжиж, аж үйлвэржилт саарна. Аж үйлдвэржилт саарах нь урт хугацаанд их сөрөг нөлөөтэй.
  • Заримдаа урсгал тэнцлийн алдагдал хүлээж гадаад өр нэмэгдэх ба түүхий эдийн үнэ буурах үед гараад өрийн дарамт нэмэгдэнэ.

Товчоор хэлбэл, уул уурхайн салбарын өсөлт нь уул уурхайгаас хамааралгүй бусад худалдаалагддаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд оролцох орцуудын (хөдөлмөр, капитал) үнийг нэмэгдүүлж, ханшийн чангаралтыг бий болгосноос аж үйлвэрлэлийн салбарыг үр ашиггүй болж, уналтанд ордог байна. Түүхий эдийн үнийг байнга өсөлттэй, өндөр байна гэсэн хүлээлтээс шалтгаалж мөчлөг дагасан бодлого явуулдаг түүхий эдийн үнийн бууралтын дараа нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг.

Гэхдээ байгалийн баялгийн нөөц ихтэй байх, байгалийн баялгаас хамаарал ихтэй байх гэдэг нь ялгаатай ойлголт гэдгийг судлаачид онцолдог (Lashitew et al., 2021). Хэдий байгалийн баялаг ихтэй ч засаглалын чадвар сайтай бол байгалийн баялгаас хамаарал хамаарлаа бууруулж (уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх, төрөлжүүлэх) эдийн засгийн өсөлтийг бий болгож болох юм. Иймд засаглалын чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үүнээс гадна байгалын баялгийн төрлөөс хамаарч баялгийн хараалын нөлөө ялгаатай байгааг онцолдог. Анхандаа байгалийн баялагт анхан шатны боловсруулаагүй нөөцүүдийг оруудаг байсан ба үүнд ХАА бүтээгдэхүүнүүд мөн багтдаг байсан. Харин дараа нь төвлөрсөн нөөц, сарнисан нөөц хэмээн ялгасан (Isham et al. 2005). Сарнисан нөөц гэдэгт ихэнх ХАА бүтээгдэхүүнүүд, ой мод, ургац зэрэг багтах бол төвлөрсөн нөөцөд уул уурхайн нөөцүүд, газрын тос зэрэг багтна. Баялгийн хараал нь төвлөрсөн нөөцөд илүү ажиглагддаг байна.

Байгалийн баялаг нь эдийн засагт шууд болон шууд бус гэсэн ерөнхий ангилалд хувааж үзье.

Шууд нөлөө> Байгалийн баялгаас орж ирсэн орлогыг бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, боловсрол, капитал болон хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг дэмжих, зэрэг нь цаашдын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог.

Шууд бус нөлөө> Байгалтйн баялаг ихтэй байдал нь засаглалын чанарт сөргөөр нөлөөлж хээл хахуул нэмэгдэж, эрх мэдэлтэй цөөн бүлэглэлийн гарц байгалийн нөөцийг ашиглах эрх төлвөрч, эдийн засгийн үр ашиггүй байдал үүснэ.

Тухайн улс уул уурхайн олборлолтоос хэт хамааралтай болох үед эдийн засаг нь түүхий эдийн үнээс хэт мэдрэг болдог ба гэнэтийн хэлбэлзэл, тодорхой бус байдаг нэмэгддэг. Мөн төрийн засаглах чадвар муудаж хээл хахуул нэмэгдэж, төрийн бодлогууд үр дүнгүй болох талтай байдаг.




Бэлтгэсэн. Баасансүрэн