Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардал ба салбарын үзүүлэлт

Энэхүү нийтлэлээр Монголын эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүдийг ойрын хөрш Казахстан болон Европ, Ази, Африк ба дэлхийн дундажтай харьцуулах болно. Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардал хангалттай байх нь эрүүл мэндийн салбарын үзүүлэлт сайжрахад эерэг нөлөөтэй.

Дараах зураглалаас харахад Монголын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд эзлэх хувь (A), нэг хүнд оногдох эрүүл мэндийн нийт зардлын түвшин (B) харьцангуй бага байгаа бол иргэдийн өөрсдийн халааснаас гаргаж буй зардлын эзлэх хувь (C), одоогийн 30 настай иргэдийн 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний нас барах магадлал (D) харцангуй өндөр байна. Үүнээс гадна иргэдийн хорт зуршил, эрсдэлт хүчин зүйлс (F) өндөр байгааг харж болно.

A) Монголын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд эзлэх хувь Сахарын цөлөөс өмнөх Африкын орнуудын дундажтай (2.0%) ойролцоо буюу Европын дунджаас (7.6%) 3.5 дахин бага байна.

B) Нэг хүнд оногдох нийт эрүүл мэндийн зардал $484 (PPP) байгаа нь Европын дунджаас 10 дахин бага Азийн дунджаас 2 дахин бага үзүүлэлт юм.

Зэрэгцүүлсэн үнэ буюу Худалдан Авах Чадварын Паритет (PPP) нь өөр улс орнуудын үнийн түвшинг тодорхой "бүтээгдэхүүний сагс" ашиглан харьцуулдаг арга юм.

C) Иргэдийн өөрийн халааснаас гаргаж буй эрүүл мэндийн зардлын нийт зардалд эзлэх хувьд харьцуулж буй орнуудын үзүүлэлтээс хамгийн өндөр буюу 34.8 хувь байна. Энэ нь Казахстанаас 1 орчим нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Үүнд эрүүл мэндийн даатгалын систем хангалттай хөгжөөгүй нь голлох нөлөөлөх хүчин зүйл юм.

D) Тус үзүүлэлт нь одоогийн 30 настай иргэдийн хэдэн хувь нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний нас баралт гэдэг нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний улмаас нас барахаар байгаар харуулдаг. Гол таамаглал нь одоогийн нас барах магадлал жил бүр хэвээр хадгалагах ба бусад өвчнөөр (гэмтэл, ХДХВ/ДОХ) нас барахгүй хэмээн үзсэн. Уг үзүүлэлт Монголд 35 хувь буюу ОДООГИЙН 30 НАСТАЙ ИРГЭДИЙН 35 ХУВЬД НЬ 70 НАС ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН, ХОРТ ХАВДАР, ЧИХРИЙН ШИЖИН, АМЬСГАЛЫН ЗАМЫН АРХАГ ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРАХААР БАЙНА. Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт юм.

E) 1000 амь төрөлт тутамд оногдох 5-с доош настай хүүхдийн нас баралтын түвшин 16 байгаа нь Азийн дунджаас 2 хүүхдээр өндөр ба дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт байна.

F) Насанд хүрэгчдийн тамхи таталтын хувьд харьцуулсан орнуудаас хамгийн өндөр буюу 30 хувьтай байна. Дэлхийн дундаж үзүүлэлт 23 хувьтай байдаг аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан (2020 он) мэдээллээр 10,000 хүнд оногдох эмчийн тоо Монголд 39 байна. Харин уг үзүүлэлтийн Европын орнуудын дундаж 41 эмч, Азийн орнуудын дундаж 13 эмч байгаа бол Африкийн орнуудын дундаж дүн хамгийн бага буюу 3 байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Европын бүс нутагт 10,000 хүнд оногдох эмчийн тоо 13-р өссөн бол ОХУ-д 8 эмчээр буурсан байна. Харин бусад бүс нутагт харьцангуй тогтвортой байна.

Бусад орнуудтай харьцуулахад Монголын нэг хүнд оногдох эмчийн хүрэлцээ харьцангуй өндөр түвшинд байгаа ч салбарт зарцуулж буй төсвийн зардал маш бага байна.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан 2019 оны мэдээллээр Монголын хувьд нэг хүнд оногдох Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал $484 (PPP) байна.
Уг үзүүлэлтийн Европын орнуудын дундаж $3215 (PPP), Азийн орнуудын дундаж $1136(PPP). Африкийн орнуудын дундаж хамгийн бага буюу $292 (PPP) байна.

Бэлтгэсэн. Баасансүрэн