Сайжруулсан шахмал түлш үр дүнтэй байсан уу?


Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2018 оны 2 сард “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” засгийн газрын тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг зөвшөөрсөн. Уг нийтлэлээр түүхий нүүрсийг хориглосноор агаарын чанарын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн, тус арга хэмжээ үр дүнтэй байсан эсэхийг харуулахыг зорьсон.

1. Хүхэрлэг хий (SO2)

Хүхэрлэг хий нь амьсгалын замаар хүний бие орж амьсгал, зүрх судасны системийн гэмтээдэг. Хүүхэд, хөгшид болон амьсгалын замын өвчтэй хүмүүст илүү сөрөг нөлөөтэй. 
“Агаар дахь хүхэрлэг хийний хэмжээ өндөр үед амьсгалын замын салст бүрхэвч гэмтэж хөөж хавагнаж эхэлдэг байна. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах шинж тэмдгүүд илэрч улмаар уушигны багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг” хэмээн мэргэжилтнүүд үздэг. 
Дараах зураглалд, 2013 оноос хойших 10-р сар бүрийн дундаж хүхэрлэг хий (SO2) түвшинг Улаанбаатар хот (Баруун 4 зам), Дархан болон Эрдэнэтийн хувьд дүрслэв. Зураглалаас дараах хандлага ажиглагдаж байна.
  • 2018 оноос өмнө Улаанбаатар, Дархан болон Эрдэнэтийн сарын дундаж хүхэрлэг хий (SO2) түвшин ойролцоо байсан.
  • 2018 оноос хойш Улаанбаатарын сарын дундаж хүхэрлэг хий (SO2) түвшин мэдэгдэхүйц өссөн бол Дархан болон Эрдэнэтийнх хуучин ерөнхий түвшинд үлдсэн.

Үүнээс дүгнэхэд, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоолын дараагаар нь Улаанбаатар хотын авто зам орчимын нэг төлөөлөл буюу баруун 4 замд хүхэрлэг хий (SO2) түвшин уг тогтоол хэрэгжээгүй Дархан ба Эрдэнэт хотуудтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн.

  Зураг 1.Хүхэрлэг хий (SO2), сарын дундаж, 10 сар

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, судлаачийн зураглал

Тус үзүүлэлтийг жил бүрийн 11-р сарын дунджыг Улаанбаатар хотын гэр хорооллын бүс нутгийн төлөөлөл буюу 32-ын тойрог, Нисэхийг авч үзвэл мөн ойролцоо хамаарал ажиглагдсан.

 Зураг 2.Хүхэрлэг хий (SO2), сарын дундаж, 11-р сар

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, судлаачийн зураглал

Дараах зурагт Улаанбаатар хотын Зурагтад байрлах станцын өдөр бүрийн мэдээллээс хүхэрлэг хий (SO2) түвшинг хүйтэн буюу 11, 12, 1 ба 2 сарын хувьд харуулав. Сайжруулсан түлшийг ашиглаж эхэлснээс хойших 2 жилд (2018.11-2020.02) хүхэрлэг хий (SO2) түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага түвшинд байсан. Харин 2020 оны 11 сараас эхлэн хүхэрлэг хий (SO2) түвшин өсч сарын ихэнх өдрүүдэд хүлцэх хэм хэмжээг давсан. Ялангуяа, 2022 оны 11 сараас хойш МАШ ХОРТОЙ аюултай түвшинд хүрсэн байна.

 Зураг 3.Хүхэрлэг хий (SO2), өдрөөр

Эх сурвалж: waqi.info, судлаачийн зураглал

Түүхий нүүрсийг хориг нь хүхэрлэг хийн (SO2) түвшинг өсгөх учир шалтгаан болсон эсэхийг статистикийн хувьд шалгахын хувьд Difference-in-Difference аргачлалыг ашиглав.

Difference-in-Difference буюу өөрчлөлтийг өөрчлөлт үнэлгээгээр түүхий нүүрсний хориг тавьсан Улаанбаатар болон тус хоригийг хэрэгжүүлээгүй Дархан ба Эрдэнэт хотын хүхэрлэг хийн (SO2) түвшинг тус хоригийг хэрэгжүүлсэн 2018 оноос хойш статистикийн хувьч ач холбогдолтой өөрчлөлт гарсан эсэхийг шалгаж болно.

Difference-in-Difference үнэлгээ нь хэдий Улаанбаатар, Дархан ба Эрдэнэт хотын нөхцөл байдал ялгаатай ч уг ялгаа нь хугацааны хувьд тогтвортой хадгалагдана гэж үздэгээрээ давуу талтай. Гэхдээ уг ялгаа нь өмнө нь ч хадгалагдах байх ёстой гэсэн шаардлага (Parallel Trends) тавьдаг.

Хүснэгт1.Difference-in-Difference

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Үнэлгээний үр дүнгээс дүгнэхэд, түүхий нүүрсний хорио нь Улаанбаатарын сарын дундаж хүхэрлэг хий (SO2) түвшинг ӨСГӨХ ШАЛТГААН болсон. Уг өсөлт нь статистикийн хувьд 99 хувь болон 95 хувийн ач холбогдолтой байна.

2. PM2.5 Тоосонцор

Улаанбаатар хотын Зурагт хэсгийн агаарын чанарын мэдээллийг нэгтгэн 2014-2022 онуудын 11 сараас 2 сар хүртэлх хүйтэн цаг ууртай үеийн хугацаагаар харуулав. 
Үүнээс харахад, 
  • Сайжруулсан түлш хэрэглэдэг болсноос хойш уг байршилд PM2.5 тоосонцорт агууламжийн түвшин "АЮУЛТАЙ" буюу PM2.5 нь 300 давсан тохиолдол буурсан байна.
  • Гэвч МАШ ХОРТОЙ буюу PM2.5 нь 200-300, ХОРТОЙ буюу PM2.5 нь 100-200 түвшин байгаа тохиолдол өндөр хэвээр байна.
2022 оны 1, 2 ба 11, 12 саруудын хэмжилт хийгдсэн 117 өдрийн 26 хувь буюу 30 өдөрт МАШ ХОРТОЙ, 46 хувь буюу 54 өдөрт нь ХОРТОЙ түвшинд байсан бол 5 өдөрт нь ХЭВИЙН түвшинд байжээ.

Зураг 4. Агаарын чанар, PM2.5 Тоосонцор, Улаанбаатар - Зурагт, 2014-2022 

Эх сурвалж: waqi.info, судлаачийн зураглал

Бэлтгэсэн. Баасансүрэн