2017 ОНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНГИЙН БОЛОН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ, ШИЙДВЭР
Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан мөн ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн тодотгол хийсэн холбоотойгоор авч хэрэгжүүлэх Сангийн болон Мөнгөний
бодлогын арга хэмжээ, шийдвэрийг энэхүү
мэдээнд тусгалаа. Үүнд:
1. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн тодотгол хийсэнтэй холбоотой 2017 онд хэрэгжүүлэх сангийн бодлогын арга хэмжээнүүд
2. Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийн талаар
хураангуйлан бэлтгэлээ.
Сангийн бодлого
Төсвийн орлого
Онцгой албан татварын хэмжээг тодорхой хувь хэмжээгээр
нэмэгдүүлэх. Үүнд:
Автобензин, дизель түлшний
онцгой албан татварыг нэмсэнээр төсвийн орлого
2017 онд 103.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Архи, тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувь нэмэх ба
ийнхүү нэмэгдүүлсэнээр 2019 онд 21,9 тэрбум төгрөг, 2020
онд 25.4 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжтой юм байна. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх ба
цахилгаан автомашины татварыг хөнгөлж бусад автомашины хөдлгүүрийн цилиндр,
насжилтаас хамааруулж татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.Үүнээс төсвийн орлого
37.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох. Хувь
хүний орлогын түвшингээс
хамааруулж шатлал тогтоон, 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар
ногдуулах. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн орлого 2018 онд 21.0 тэрбум
төгрөгөөр нэмэгдэх боломжтой.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах. Иргэдийн
хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлснэээр 2017 онд 43
тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны
байгууллагатай тохирсон дээд хэмжээгээр нэмэгдүүлсэнээр төсвийн орлого 2017 онд
20 тэрбум нэмэгдэх
боломжтой.
Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх. Тэтгэврийн
даатгалд төлөх шимтгэлийн хэмжээг нийт 5 пунктээр 3 жилд үе шаттай
нэмэгдүүлнэ. Нийгмийн
даатгалын сангийн орлогыг 2018 онд 117.1 тэрбум төгрөг, 2019 онд 175.9 тэрбум
төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой болно.
Сангийн бодлого
Төсвийн зарлага
Тэтгэвэрт гарах нас, шимтгэлийн хувь хэмжээг аажмаар нэмэгдүүлэх.
Өнөөгийнтэтгэврийн тогтолцоонд шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ ба тэтгэврийн насны зохистой тэнцвэр хангагдаагүй байгааг сайжруулах зорилгоор тэтгэврийн насыг хүн амын насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Цалингийн зардал болон төрийн албан хаагчийн орон тоог бууруулах:
Цалингийн хэмжээг 2017-2019 онуудад одоогийн түвшинд барих, төрийн албан хаагчийн шатлал зэрэглэл ахиулж цалинг нэмэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээ авах. Энэхүү арга хэмжээ нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оныг дуустал хугацаанд үргэлжлэх юм байна.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох.
2018 оноос эхлэн хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, 2019 онд нөхөж олгохгүй байхаар хуулийн өөрчлөлт хийнэ. Үүний үр дүнд 2018 онд 28.8 тэрбум төгрөг, 2019 онд 462.5 тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой.
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох: Олон улсын байгууллагуудаас нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийсний дагуу өгсөн зөвлөмжөөр халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх. Үүний тулд нийгмийн халамжийн төрлийг нэгтгэж,
зорилтод бүлэгт чиглүүлж зардлыг
бууруулах арга хэмжээг 2018 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ.
Сангийн бодлого
Хөрангө оруулалт
Хөгжлийн банкны Төсвөөс эргэн төлөгдөх
нөхцөлтэй төсөл, арга хэмжээг улсын төсөвт нэгтгэж, төсвийн нэгдмэл бодлогыг
хангаж, 2018 оноос эхлэн Хөгжлийн банкны Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй
зээлийг зогсоох юм.
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжихтэй холбоотойгоор Гадаад
зээлийн хөрөнгийн зардлын ашиглалтыг шинэ төслүүдэд зориулах. 2017 онд 122.8
тэрбум төгрөг, 2018 онд 338.4 тэрбум төгрөг, 2019 онд 605.8 тэрбум төгрөгөөр
тус тус нэмж өөрчлөхөөр төлөвлөсөн байна.
Мөнгөний бодлогын зөвлөлийн
шийдвэр
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
Хэрэглээний үнийн индексээр
илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын
хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч
зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая
ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп
хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр
ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна.
УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний
бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж
үзжээ.
© Эгүлэ Капитал ХХК. 2017 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
И-мэйл хаяг: research@egulecapital.mn
Утас: 8012-2200
Веб сайт: www.egulecapital.mn
Фэйсбүүк: EguleCap
Твиттер: egule_capital