Станд бай- Зөв шийдэл үү?

Станд бай- Зөв шийдэл үү?

Ойрын хугацааны санхүүгийн хэрэгцээ ба нөхцөл байдал

Сүүлийн үед манай улсын гадаад өрийн асуудал хурцаар яригдаж, бондын эргэн төлөлттэй  холбоотойгоор ойрын хугацааны санхүүгийн хэрэгцээ үүсээд байгаа. Анх 2012 онд Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаатайгаар гадны хөрөнгийн зах зээлээр дамжуулан 580 сая ам долларын  жилийн 5.75 хувийн хүүтэй /жилийн хүүгийн төлбөр 33 сая ам.доллар орчим/ бондыг гаргаж хөрөнгө босгосон. Энэхүү бондын орлогоор аж үйлдвэржилтийг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд гарах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зэргээр эргэн төлөлт хийхээр өгөөжийг нь тооцсон байх учиртай. Гэвч бондын хөрөнгөөр зам, барилга зэрэг эдийн засгийн шууд өгөөжгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, үр ашиггүй зарцуулалт хийгдсэнийг ярьсаар байгаа билээ.
2016 оны урьдчилсан төсвийн гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай[1] гарсан. Мөн 2017 оны нэгдсэн төсвийг 2.4 тэрбум төгрөгийн алдагдалтай[2] баталсан ба бондын эргэн төлөлтийг төсөвт шингээх боломжгүй юм.
Үүний хажуугаар Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис (Moody’s) болон Фич (Fitch) байгууллагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг “Саа1” болон “В-“ болгож бууруулсан тул олон улсын зах зээлээс хөрөнгө босгох боломж бараг үгүй болсон. Тиймээс эрх баригчдын зүгээс ойрын хугацааны санхүүгийн хэрэгцээг нөхөх эх үүсвэрээр ОУВС-ын “Станд бай” хөтөлбөрийг хамгийн боломжит хувилбараар сонгоод байгаа.

ОУВС-ийн станд бай хөтөлбөр гэж юу вэ?

Станд бай нь ядуу буурай орнуудад зориулсан заавал мөрдөх нөхцөл, зөвлөмжийн хүрээнд ажиллахыг шаарддаг зээлийн хөтөлбөр юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, өрийн дарамтад орсон богино хугацааны санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа орнуудад хөтөлбөрийн нөхцөлийн дагуу зээл олгодог. Тиймээс богино хугацааны тогтворжуулалтын хөтөлбөр гэж нэрлэгддэг ба хэрэгжүүлэх хугацаа нь 1-2 жил буюу шаардлагатай үед 3 хүртэл жил байж болдог. Хөтөлбөр хэрэгжүүлэх үеийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тухайлбал төсвийн алдагдал, өрийн үлдэгдэл, валютын нөөц зэргийг хөтөлбөр хэрэгжүүлэх явцад харьцуулах замаар бодлогын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг хянаж, үе шаттайгаар санхүүжүүлдэг.
Манай улс 1991, 1997, 2009 онуудад ОУВС-ийн  хямдралтай зээл авсан, Станд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага байгаа.        
Зураг 1: ОУВС-аас манай улсын авч хэрэгжүүлсэн зээлийн хөтөлбөр                                                           
Эх сурвалж: http://www.imf.org/

1991 онд зах зээлийн эдийн засагт шилжсэн үе буюу төсвийн алдагдалтай,  имфляц хэт өндөр байснаас  тусламж авах шаардлагатай  байсан. 1997 онд Азийн хямрал болж Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаснаар төсвийн орлого тасарч наад захын урсгал зардал зэргийг санхүүжүүлж чадахгүй тул мөн ОУВС-ын хямдралтай зээл авсан. 2009 онд  Дэлхийн санхүүгийн хямралын улмаас эдийн засаг болон санхүүгийн салбарт үүссэн хүндрэлийг даван туулахын тулд станд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн дараах үр дүн ямар байв

Хамгийн бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж сангийн болон мөнгөний зөв бодлого явуулъя гэвэл энэхүү хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй юу? Үүнд хариулахын тулд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн өмнөх жилүүдэд тухайлбал 2009 оноос  манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсныг эргэн харах нь зүйтэй. 2010 онд төсөв санхүүгийн байдал тогтворжсон , бодлогын орчин сайжирсан, төсвийн алдагдал буурсан, төлбөрийн тэнцэл сайжирсан мөн гадаад валютын нөөц нэмэгдсэн,  хугацаа хэтэрсэн гадаад өр төлбөрөө шийдвэрлэсэн, энэ нь гадаад зах зээлд нэр хүндийг сэргээж хөрөнгө оруулагчдийг татахад нөлөөлсөн гэж үздэг[3]. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлын талаар ийнхүү мэдээлэл хийж байв.
Зураг 2: Станд бай хөтөлбөр хэрэгжүүлэх үеийн эдийн засгийн үзүүлэлт, харьцуулалт               
Зураг 3 : Валютын ханшийн өөрчлөлт, харьцуулалт         

2009 оны жилийн эцэст  төгрөгийн ам.доллартай харьцах ханш  бага зэрэг суларсан нь дэлхийн зах зээлд дээр зэх, алт нүүрсний үнийн өсөлтөөс уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, хөрөнгийн дотогшлох урсгалын нөлөөгөөр валютын нийлүүлэлт нэмэгдэж ханш тогтворжсон.
2010 оны төсвийг батлахдаа зэсийн үнийг 5800 ам.доллар байхаар тооцсон боловч дэлхийн зах зээлд борлуулсан дундаж үнэ 7353 ам.долларт хүрсэн тул төсөв ашигтай гарсан, валютын ханш тогтворжсон. Үүнийг  Станд бай хөтөлбөрийн үр дүн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

ОУВС –аас ирэх заавал мөрдөх шаардлагын нөлөө

Зарим эдийн засагч, судлаачдын зүгээс Станд бай хөтөлбөрийг хүлээн авагч улсуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгснөөр энэхүү хөтөлбөрт шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь ОУВС-ас тавих нөхцөл, шаардлагууд тэдний оролцоотой холбоотой юм. ОУВС-ийн эх үүсвэр талыг бүрдүүлэгч хандивлагч орнууд нь бага хүүтэй зээл, түүний бодлогын нөлөөллөөр дамжуулан зээлдэгч буурай улсуудаас ашгаа хүртдэг гэж үздэг.
Зээлдэгч байгалийн нөөц баялагтай  буурай улсууд энэхүү зээлийн хөтөлбөрийг хүлээж авснаараа бие даасан бодлого явуулах боломж хязгаарлагдаж, хэт хамааралтай[4] буюу эдийн засгийн бие даасан байдал алдагддаг гэж үздэг.


[1] 2016 оны урьдчилсан төсвийн гүйцэтгэл https://www.mof.gov.mn
[2] 2017 оны МУ-ын нэгдсэн төсөв http://legalinfo.mn/
[3]  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлэл  http://www.news.mn/
[4] ОУВС-ас хэд хэдэн удаагийн зээл авагч улсуудын одоогийн хөгжил, эдийн засгийн нөхцөл байдлаар тайлбарладаг

© Эгүлэ Капитал ХХК. 2016 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
И-мэйл хаяг: research@egulecapital.mn
Утас: 8012-2200
Веб сайт: www.egulecapital.mn
Фэйсбүүк: EguleCap
Твиттер: egule_capital