Байгаль орчны доройтол ба бизнес эрхлэгчдийн оролцоо

Өнгөрөгч онд манай дэлхийн байгаль орчны нөхцөл байдал улам хүндэрч, гамшиг үйл явдлууд олноор тохиолдсон хүнд жил байлаа[1]. Гэвч дурдах ололт амжилтууд ч байна.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээр[2] хүлээгдэж байснаас эрт хүчин төгөлдөр болсон. 2016 оны 12 сарын байдлаар уг баримт бичигт нийт 194 орон гарын үсэг зураад байна. Зэрлэг барын тоо толгой сүүлийн зуун жилд анх удаа өссөн. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) бэлгэ тэмдэг болсон панда мөхөх эрсдэлээс холдлоо.


Харамсалтай нь хойд туйл дахь уур амьсгал эрдэмтдийн таамаглаж байснаас хурдацтай дулаарч 2016 он түүхэн хамгийн халуун жил болжээ[3]. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Living Planet Report тайланд дурдсанаар сүүлийн 40 жилийн хугацаанд эх газар, далай, цэнгэг усны ан амьтад 60 гаруй хувиар бууржээ. 2020 он гэхэд нийт ан амьтдын 2/3 нь устаж үгүй болох эрсдэлтэй байгаа аж. Энэ бол бидний төсөөлж байснаас ч хурдан өрнөж буй гамшигт үйл явдал!

Хэрэв биологийн олон янз байдлын индексийг (Living planet index) компаний санхүүгийн чадварыг илэрхийлэгч хөрөнгийн биржийн индекстэй зүйрлэвэл тухайн компани тун удахгүй дампуурах гэж байна.
Байгаль орчны экосистемийг эдийн засгийн ойлголт шиг төв банкны ямар нэгэн арга хэмжээ, зохицуулалтаар удирдах боломжгүй.

Сүүлийн 40 жилийн хугацаанд эх газар, далай болон цэнгэг усны бүсийн ан амьтад 60 гаруй хувиар бууржээ.

Хурдтай өөрчлөлт

Амьтны аймгийн үүсэл, хөгжлийн 2 сая гаруй жилийн түүхийн хажууд сүүлийн 50 жил бол нүд ирмэх төдий хугацаа. Ийм богино хугацаанд бид байгаль орчноо асар ихээр бохирдуулжээ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл экосистем сэргээгдэх боломжгүйгээр гэмтэхээр байна.
Гашуун үнэ гэвэл бид байгаль орчноо бохирдуулалгүйгээр эдийн засгаа өсгөх арга зам олоогүй л байна. Харин ч байгалийн нөөцийн дахин сэргээгдэх хурдаас илүү хурдтайгаар ашиглаж эхэллээ.
Биологийн олон янз байдал нь ургамал, бактери, мөөгөнцөр зэрэг олон сая төрөл зүйл бүхий амьдралын бүрдэл, цогц систем юм. Энэ систем зөв ажилласнаар бидний амьсгалах агаар, идэх хоол, уух усыг хангаж өгдөг. Экосистемийн ажиллагааг хэвийн түвшинд хадгалах нь нийгмийн оролцогчид, ялангуяа бизнес эрхлэгчид анхаарах ёстой зүйл.
Байгаль орчинд үзүүлэх нөлөө илэрхий өсч байгаагаас хүмүүсийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд бодитоор нөлөөлөх нь ойлгомжтой.  Иргэд, бизнесийн байгууллагууд, улс орнуудад хоол хүнсний ховор хомс байдал, цаг уур, байгалийн бохирдлоос хамаарсан эрсдэл ийм өндөр байгаагүй аж.

Юу болоод байна вэ?
Бид юу хийсэн бэ?
·         1970-2012 оны хугацаанд Living planet index 58 хувиар буурч, цэнгэг усны нөөц асах ихээр багассан.
·         Энэ хэвээр үргэлжилбэл 2020 он гэхэд сээр нуруутан амьтад 1970 онтой харьцуулахад 67 гаруй хувиар буурна.
·         Байгаль орчны бохирдол нэмэгдсэнээр ус, хоолны эрүүл ахуй эрсдэлд орж, байгалийн нөөц шавхагдаж байна.
·         20-р зууны сүүлийн хагасаас хойш хүний үйл хөдлөл, нөөцийн хэт их ашиглалтын улмаас экосистемийн суурь үзүүлэлт аюулд орсон.
·         Экосистемд бүгд харилцан хамааралтай тул хүнээс үүдэлтэй байгалийн бохирдол хүн төрөлхтөнд эргээд сөргөөр нөлөөлж эхэлсэн.

 Экосистемийн эгзэгтэй үе, бизнес эрхлэгчдийн оролцоо

Хүний буруутай үйл хөдлөлөөс  болж аюулын ирмэгт тулаад байгаа дэлхийн экосистем эргээд хүн төрөлхтөнд сөрөг нөлөө учруулж эхэллээ.
Сүүлийн үед байгаль орчин, цаг агаарын гамшигт тохиолдлууд нэмэгдэж байна.
Өмнөд Африкт ган гачгийн улмаас үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, усан цахилгаан станцууд тасалдаж хотууд цахилгаан, тоггүй болсон.
Бээжинд хорт утаа, агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрсэн тул үйлдвэрүүдийг үйл ажиллагааг сааруулах, гарцыг багасгах арга хэмжээг аваад байна.
Монгол улс ч мөн адил агаарын бохирдол, цочир хүйтрэлтээс болж шууд болон шууд бусаар хохирол учирч байна. Иймд төр засаг төдийгүй бизнес эрхлэгчид эдийн засгийн тогтвортой өсөлтийг байгаль орчны тэнцвэрт байдалтай уялдуулж оновчтой шийдэл олох сорилттой тулгарч байна. Байгаль орчинд хорт нөлөө багатай үйлдвэрлэл, ухаалаг хэрэглээг бий болгосноор эдийн засаг болон байгаль орчныг зохистой тогтолцоог бий болгох зорилгод хүрэх боломжтой.
Ялангуяа бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчноос өндөр хамаардаг /уул уурхай, ХАА, аялал жуулчлал г.м/ компаниуд байгаль хамгаалах, урт хугацаанд зохистой тогтолцоог бүрдүүлэх чиглэлд санаачилга манлайлж гаргах хэрэгтэй. Сүүлийн үед энэ чиглэлд бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухаарч байгаль орчны доройтлын эсрэг анхаарлаа хандуулж ажиллах болсон. 
Байгаль орчныг хамгаалах, амжилттай  бизнесийг зөв уялдуулсан гадны нэг жишээ бол далдуу модны тосны үйлдвэрлэл юм. Далдуу модны үйлдвэрлэл нь хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, түймрийн утаа зэргээс ойн экосистемийг хамгаалж, нөгөөтэйгүүр мод тариалж бизнесийн цар хүрээгээ тэлж байна.

Бид өөрсдийн бизнесийг байгаль орчны хамгаалалтай уялдуулж, бодит алхам хийх, манлайлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна.

Бизнес эрхлэгчид л өөрчлөлтийг эхлүүлэгч манлайлагч байж, нэг талаас байгаль орчинд эерэгээр нөлөөлөх, нөгөө талаас бизнесээ өргөжүүлж хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох оновчтой шийдэлд хүрч чадна.
Бидэнд дэмий алдах цаг байхгүй.

Эх сурвалж: WWF International





[1] www.reliefweb.int/disasters
[2]Өнгөрсөн оны сүүлээр Парис хотод Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн 21 дүгээр Бага хурал зохион байгуулагдаж,  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
[3]https://www.nasa.gov/feature/goddard/2016/climate-trends-continue-to-break-records