Монголын эдийн засаг улам хүндэрнэ

Сүүлийн хугацаанд гадны мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлүүдээр төгрөгийн ханшийг дэлхийн хамгийн муу валют болсон талаар мэдээлэл гарах болсон.
1 ам.доллар сонгуулийн өдөр (6 дугаар сарын 29) 1944.46 төгрөгтэй тэнцэж байсан бол 50 өдрийн дотор (8 сарын 19) 2251.99 төгрөгт хүрч даруй 307.53 төгрөг буюу 15.82 хувиар чангараад байна. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр ам.долларын ханш 50 өдөрт хамгийн ихдээ 15.94 хувиар чангарч байсан (2009/01/19-03/20).
Энэхүү мэдээллээр 4 гаруйхан жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдтай өсөлттэй гэгдэж байсан Монголын эдийн засаг яагаад хүнд нөхцөлд орсныг зарим нэг графикуудаар тайлбарлахыг зорьсон.
Эдийн засгийн өсөлт бараг зогссон
Монголын эдийн засгийн өсөлт 2012 онд оргил цэгтээ хүрсэн. Гэвч түүхий эдийн үнийн уналт, гадаад худалдааны 80 гаруй хувийг бүрдүүлэг хөрш орнууд болох Хятад болон Оросын эдийн засаг саарч байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар, өмнөх 7оны эхний хагас жилтэй харьцуулахад 1.4 хувиар, харин жилийн хуримтлагдсан дүнгээр 0.7 хувиар өссөн байна.

Хэт их хэрэглээ
Засгийн газрын хэрэгцээ хэт өндөр, хяналтгүй байснаас улсын төсвийн алдагдал хамгийн өндөр түвшинд хүрч, хямралын нөхцөл байдалд хүрээд байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 оны эхний 7 сарын байдлаар 1974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан.

Түүхий эдийн үнэ сэргэхгүй байна
Монгол ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Гэвч Хятадын эрэлт буурснаар голлох түүхий эд болох зэс, нүүрс болон газрын тосны үнэ нь ёроолын цэгтээ буураад байна. Ганц ирээдүйтэй гэж хүлээгдэж байсан алтны үнэ нь Их Британи Европын холбооноос гарч байгаатай холбоотой төдийлөн эерэг дүр зураг ажиглагдахгүй байна.

Төгрөгийн ханш хүчтэй суларсаар
Төв банкны зүгээс валютын ханшийг тогтворжуулахыг хичээж байгаа ч валютын албан нөөц хангалттай бус байна (2016 оны 6 дугаар сарын байдлаар 1296.6 сая ам.доллар).