Швейцарийн иргэн бүрт тогтмол тэтгэмж олгох санал дэмжигдсэнгүй

Швейцари улсын иргэн бүрт сар бүрийн орлогын баталгааг бий болгож мөнгөн тэтгэмж олгох тухай санал асуулгад оролцогчид татгалзсан санал өгчээ. Ням гаригт эцсийн санал хураалтын дүнг нэгтгэж танилцуулсан бөгөөд 77 хувь нь тус бодлогын эсрэг санал өгсөн бол 23 хувь нь дэмжсэн байна. Тус улсын засгийн газрын зүгээс насанд хүрсэн иргэн бүрт хөдөлмөр эрхэлдэг эсэхээс үл хамааран сар бүр 2,500 швейцари франк /1,755 евро, 2,555 ам.доллар/, хүүхэд бүрт 625 швейцари франк олгохыг дэмжих эсэхэд дээр санал авсан юм. Хуулийн төслийг дэмжигчид сүүлийн жилүүдэд олон ажлын байр автомат, хиймэл оюун ухаанд шилжиж ажлын байр цөөн болсон тул тэтгэмж олгохыг дэмжих нь зөв хэмээн мэдэгджээ.

Иргэдийн төлөөллөөс санаачилсан тэтгэмжийн төсөл нь цөөнгүй улс төрчдийн зүгээс дэмжлэг авсан бөгөөд 100,000 гаруй гарын үсэг цугласнаар орон даяар санал асуулга явуулж эхэлсэн. Саналыг эсэргүүцэгчдийн зүгээс хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл хөдөлмөр эрхлэлт, цалингийн түвшний уялдаа холбоо алдагдаж цаашлаад нийгэмд хохиролтой зүйл болно гэж үзэж байсан юм. Швейцари улсын нийт ажил эрхлэлтийн 50-с илүү хувь нь цалингүй буюу сайн дурын, нийгмийн ажлууд байдаг аж.
Санаачлага хаанаас эхэлж гарсан бэ?
  • Иргэдийн төлөөллийн зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналын эрхтэй байдаг
  • Эхний санаачлага гарснаар 18 сарын хугацаанд 100,000 иргэдийн гарын үсэг цуглуулснаар бүх нийтийн санал асуулга явагдсан
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах анхны санаачлага нь зөвхөн олон нийтийн саналыг шаарддаггүй ч мужийн түвшинд дэмжсэн санал авах шаардлагатай байдаг.

Швейцарийн эрх баригчид халамжийн дээрх төлөвлөгөөг анхнаасаа эсэргүүцсэн байр суурьтай байсан бөгөөд Швейцарийн парламентийн гишүүн Luzi Stamn:

Онолын хувьд Швейцари арал улс байсан бол тус бодлогод тийм гэсэн хариулт өгөх боломжтой. Гэвч нээлттэй хилийн бүстэй, амьдралын өртөг өндөртэй орны хувьд боломжгүй зүйл юм. Хэрвээ засгийн газрын зүгээс хүн бүрт мөнгөн тэтгэмж санал болговол хэдэн тэрбум хүн Швейцари улс руу цагаачлахыг хичээх болногэж мэдэгджээ

Төслийн эхний баримт бичигт тодорхойгүй асуудал их байсан бөгөөд нөхцөлт болзолгүйгээр орлогын эх үүсвэрийг баталгаажуулна гэсэн агуулга байсан хэдий ч мөнгөн дүнг тодорхойлоогүй байсан байна. Энэ төрлийн санаачлага олон гарч байгаа бөгөөд Финланд улсын засгийн газар бага орлоготой 8,000 иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн Голландын Utrecht хот үүнтэй адил төслийг 2017 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр болжээ.




Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.



Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn
https://www.facebook.com/EguleCap