Хятад улс татварын шинэчлэлээр дамжуулан үйлчилгээний салбарыг дэмжиж байна.

Хятад улс нь барилга, үл хөдлөх, санхүү болон хэрэглэгчийн үйлчилгээний салбаруудын бизнесийн татварыг НӨАТ-аар солих шийдвэрийг гаргалаа.
Эдгээр салбаруудад үйл ажиллагаа явуулдаг компаниуд 5.5 хувийн бизнесийн татвар төлдөг байсан бол энэ оны Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11 хувийн НӨАТ төлөхөөр болж байна. Татварын хувь өсч байгаа хэдий ч татварын суурь нь буурч байгаа учир нийт төлөгдөх татварын дүн буурах ажээ.

НӨАТ нь бүтээгдэхүүний үнэ болон үйлдвэрлэлийн зардлын зөрүү дээр ногддог татвар бол бизнесийн татвар нь тухайн бизнесийн нийт орлого дээр ногддог. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь зөвхөн үйлдвэрлэлийн дамжлагууд дахь өртөг нэмэгдэж байгаа дүнд ногдох бол Бизнесийн татвар нь зардал хасаагүй дүн буюу нийт орлого дээр ногддог татварын дэглэм юм.

Хятад улсын уг татварын шинэчлэл нь жижиг дунд үйлдвэрүүдийн татварын дарамтыг бууруулах бөгөөд энэ хэрээр ажлын байр нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэх болно гэж судлаачид тэмдэглэж байна.
Нийгмийн Шинжлэх Ухааны Хятадын Академийн (Chinese Academy of Social Sciences) судлаач Zhang Bin “ЖДҮ-үүд өмнө нь нийт орлогынхоо 5.5 хувийг бизнесийн татварт төлдөг байсан бол шинэ НӨАТ-аар төлөх дүн нь нийт орлогын 3 орчим хувьтай тэнцэхээр байна” гэжээ.
Татварын Шинжлэх Ухааны Институтийн захирал (Institute of Tax Science) Li Wanfu ихэнх ЖДҮ-үүд үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг тухай дурьдсан байна.
НӨАТ-ыг системруу шилжих энэхүү шилжилт нь үйлчилгээний салбарын татварын төлбөрийг 500 тэрбум юан (~$77 тэрбум эсвэл 155.2 их наяд төгрөг эсвэл Монгол Улсын 28 жилийн татварын орлого) буюу ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулж байна.  
Экспертүүд уг шийдвэрийг урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн сүүлийн арван жил дэх татвар болон төсвийн хамгийн чухал шинэчлэл гэж тодорхойлж байна. Мөн уг шийдвэр нь үйлчилгээний салбарт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх шилжилтийг хийхэд чухал ач холбогдолтой байна.  

Бизнесийн татварыг НӨАТ-аар солих татварын шинэчлэлийг анх 2012 онд Шанхайн санхүүгийн бүсэд хийсэн бөгөөд түүнээс хойш 4 жилийн дараа буюу энэ жил уг татварын шинэчлэлийг өргөн хүрээнд хийж байна.

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn