Энэхүү мэдээллээр Европын эдийн засгийн холбооны судлаач Vardardottir-н “Санхүүгийн хямралын төрөлт, ургийн жин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө”-ний талаар сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулах болно. Судалгааны үр дүнг товч дурдвал санхүүгийн хямралаас үүдсэн стрессийн улмаас нярайн жин багасаж, эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхэд мэндлэх аюултай аж.
Санхүүгийн хямрал маш
олон сөрөг нөлөөтэй. Хямралын сөрөг нөлөөг эдийн засгийн зардал хэлбэрээр
тайлбарлавал орлого багасах, ажилгүйдэл нэмэгдэх, гарц хумигдах, хөрөнгийн өгөөж
буурах, дампуурал, ядуурал зэрэг багтана. Дэлхийн эдийн засагт ихээхэн хор
уршиг авчирсан томоохон санхүүгийн хямралуудад: 1923-33 оны “Их Хямрал”, 1973-74 оны “ОПЕК-н шок”, 1997 оны “Азийн хямрал” болон хамгийн сүүлийн
томоохон хямрал болох 2008 оны “Дэлхийн санхүүгийн хямрал”
зэргийг дурдаж болно. Санхүүгийн хямралын улмаас хөрөнгийн зах
зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл цаашлаад хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж эдийн
засгийг тэр чигээр нь унагах уршигтай.
Зураг 1: Санхүүгийн
хямралуудын үеийн хөрөнгийн зах зээлийн уналт, хувиар (World Economic Forum)
Судлаачдын үзэж буйгаар хямрал болон хямралын дараах эдийн засагт
үзүүлэх нөлөө өөр өөр байдаг. Тухайлбал АНУ хувьд дундаж орлоготой өрхийн
орлого 44 гаруй хувиар буурсан (Wolff 2014). Энэ нь 1930 оны “Их хямрал”-с хойших хамгийн сөрөг
тохиолдож аж. Тооцооллоор санхүүгийн хямралын дараа дэлхийн гарцын хэмжээнд
5-15 их наяд ам.долларын хуримтлагдсан алдагдлын хэмжээ үүсдэг байна (Adelson 2013).
Манай Монгол улс ч мөн адил дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр 2009
оны эдийн засаг 1.3 хувиар агшсан билээ.
Дээр дурдсан санхүүгийн
хямралын эдийн засагт үзүүлэх мөнгөн нөлөөллөөс гадна сэтгэл зүй, эрүүл мэндийн
сөрөг нөлөө байх боломжтой талаар зарим судлаачид хөндөж байна. Тодруулбал, санхүүгийн хямрал нь хүмүүсийн
стрессдүүлж, төрөлт, ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл
эхийн хэвлийд ураг бүрэлдэж байх үед санхүүгийн хүчтэй хямрал тохиолдож, эх стрессдсэнээр
эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхэд мэндлэх аюултай юм.
Судлаач Vardardottir санхүүгийн
хямралын эрүүл мэнд ялангуяа төрөлт, ургийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан
байна.
Санхүүгийн хямрал
ба эрүүл төрөлтийн талаарх шинэ баримтууд
Монголд 1000 амьд
төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 оны эхний улиралд 22 байна.
Vardardottir 2016 онд
хийсэн судалгаандаа Исландын төрөлтийн
бүх мэдээлэлд үндэслэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нярайн эрүүл мэндэд
хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн. Судалгааны үр дүнд жирэмсний эхний 3 сард
санхүүгийн хямралт тохиолдол эхийг стрессдүүлсэнээр нярайн жинг нилээд
хэмжээгээр бууруулдаг аж. Нярай бага жинтэй (<2500 грамм) төрөх магадлалыг нэмэгдүүлж, өндөр жинтэй (>4000 грамм) төрөх магадлалыг бууруулдаг
байна.
Мөн үүнээс гадна санхүү,
эдийн засгийн уналтын улмаас эрэгтэй хүүхэд төрөх нь багасаж, хүйсийн харьцаа
алдагддаг байна. Өөрөөр хэлбэл эх жирэмсэн байх үедээ стрессдсэнээс ураг зулбах
тохиолдох нэмэгдэх ба эрэгтэй ураг нь эмэгтэй ургаас илүү сул дорой байдаг тул
эндэх тохиолдол их байдаг байна.
Насанд хүрсэн хүний эрүүл мэнд нярайн үед ямар
байснаас хамаардаг
Хүн энэ хорвоод мэндлэх
үеийн эрүүл мэндийн байдал цаашдын амьдралд нь хэр зэрэг чухал вэ?
Сүүлийн үед хийгдэж буй
судалгаануудаас харахад тухайн хүний төрөх үед эрүүл мэндийн байдал хэр зэрэг
байсан нь насанд хүрсэн үеийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг Vardardottir
онцолсон байна.
Эмпирик үнэлгээний үр
дүнгээр төрөхөөс өмнө эхийн хэвлийд байх үеийн эдийн мэндийн байдал нь хүүхэд
төлөлт ба насанд хүрсэн үед ч нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл анхдагч эрүүл мэндийн
байдал нь урт хугацааны эрүүл байдал, хөдөлмөрийн бүтээмж болон бусад амьдралын
амжилтыг тодорхойлох юм.
Тухайлбал, хэвлийдээ
хүүхэд тээж буй эхийг 1959-61 оны Хятадын өлсгөлөнд нэрвэгдсэн гэж төсөөлье. Тухайн
хүн үеэс хойш Хятадын засгийн газраас халамж авч амиа зогоодог, хөдөлмөрийн
чадваргүй бага орлоготой ядуус нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл өлсгөлөнгийн урагт
үзүүлсэн шокоос хүн амын амьдралын түвшин хамаарч байна (илүү дэлгэрэнгүйг Almond
болон Currie 2011 нарын судалгаанаас харж болно).
Vardardottir-н
судалгаанд харуулсан баримтуудаас дүгнэхэд, хэрэв дэлхийн санхүүгийн хямрал
тохиолдвол зөвхөн төрөлтийн түвшин буураад зогсохгүй нярай өсч том болж насанд
хүртэл хямралын сөрөг нөлөө байсаар байх аж.
Исландын эдийн засгийн уналт ба нярайн эрүүл мэнд
Vardardottir
судалгаандаа Исландын эдийн засгийг жишээ болгон харуулсан. Санхүүгийн хямралын
үеэр Исландын эдийн засаг харьцангуй өндөр уналттай, хор уршиг ихтэй байсан.
Улсын санхүүгийн
системийн 85 хувийг бүрдүүлэгч 3 том банк 1 долоо хоногийн дотор дампуурсан. Энэ
гэнэтийн мэдээ хүн амын ихэнхийг цочроосон байна.
Банкууд дампуурсан нь дэлхий
даяар санхүүгийн байгууллагуудтай ижилхэн шалтгаантай байсан. Гол ялгаа нь уналтын
цар хүрээ, гэнэт тохиолдсонд байгаа юм.
Олон орнуудад дампуурлаа
зарласан банкуудын нийт активын хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх
хувь маш бага хувийг эзэлж байсан. Эсвэл зарим орнуудын хувьд банкуудын дампуурлыг
даах хэмжээний нөөц байсан. Харин Исландын хувьд ийм байгаагүй. Дампуурлаа
зарласан 3 банкны активын хэмжээ НДНБ[1]-ээс
их байсан. Нөхцөл байдал хүн байгаагийн улмаас улс засгийн газрын зүгээс ОУВСангаас
яаралтай тусламжийн зээл авахаар хүссэн байна. Энэ тохиолдол нь сүүлийн 30 жилд
барууны орнуудаас зээл авах санал гаргасан анхны тохиолдол байсан.
Доорх зурагт харуулсан
том 3 банкны актив ба НДНБ-ий харьцаа болон эдийн засгийн өсөлтийн динамикаас
Исландад санхүү, эдийн засгийн хямрал хэр хүчтэй нөлөөлснийг харж болно.
Зураг 2: Хамгийн том 3 банкны актив ба НДНБ, Улирлын
нөлөөг арилгасан ДНБ-ий өсөлт
Санхүүгийн хямралын төрөлтөд үзүүлэх нөлөөг үнэлэх нь
Санхүү эдийн засгийн
хямралын төрөлтөд үзүүлэх нөлөөг тодорхойлох нь Vardardottir хувьд хүн даалгавар байсан гэдгээ дурдсан. Хямралын
болон хямралын бус нөхцөл байдалд төрсөн хүүхдүүд өөр байдаг.
Нөлөөг үнэлэхдээ энгийн
болон хямралтай үед төрсөн хүүхдүүдийг харьцуулах замаар тодорхойлсон байна. Үүнийг
2 өөр арга ашиглан хийсэн байна.
Эхний арга нь хямралын
үеийн төрөлт болон түүний өмнөх оны (2007)
төрөлттэй харьцуулсан. Энэ 2 бүлэгт нь ойролцоо онцлогийг
агуулсан байхаар сонгосон байна.
Дараагийн арга нь нэг
эхээс төрсөн 2 хүүхдийг харьцуулах байдлаар хямралын нөлөөг ялгасан. Энэ арга
нь эхээс хамааралтай ямар нэгэн тайлбарлаж чадахгүй байгаа зүйлсээс зайлсхийх
боломжтой байна.
Үр дүн
Судалгааны үр дүнд,
санхүүгийн хямрал нь хөгжингүй орнуудад стрессийг үүсгэгч гол шалтгаануудын нэг
болдог ба санхүүгийн хямралаас шалтгаалж нярайн жинг буурдаг байна.
Тодруулбал, Исланд дах
хямралын сөрөг нөлөөллөөс 3 сар хүртэлх нярайн жин 66 грамм хүртэл хэмжээгээр буурдаг
байна. Хямралт тохиолдож байх үед ураг 3 хүртэл сартай нярай бага жинтэй төрөх
магадлал 1.9 нэгж хувиар нэмэгдэж, өндөр жинтэй хүүхэд төрүүлэх магадлал 4.0
нэгж хувиар буурдаг байна. Мөн хүйсийн харьцаа 3.3 нэгж хувиар алдагддаг байна.
Энэ үр дүнгээс таамаглавал эрэгтэй хүүхдийн тоо алдагдаж, хүйсийн харьцаа
өөрчлөгдөх аж. Доорх зурагт хямралын нөхцөл байдалд хүйсийн харьцаа хэрхэн
өөрчлөгдөж байгаар харуулсан байна.
Зураг 3: Санхүүгийн хямралын үе дах төрөлт
Жирэмсэн үед тамхи
татах зэрэг хүүхдийн жинг бууруулдаг нөлөөлөгч хориотой зүйлстэй энэхүү
судалгааны үр дүнг харьцуулахад сөрөг нөлөө нь ойролцоо байсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн
хямралын урагт үзүүлэх нөлөөг тамхиний хорт уршигтай ижил хэмжээнд авч үзэх
хэрэгтэйг судлаач онцолсон.
2008 оных шиг хүчтэй
шокын үед ургийн жингийн алдагдал өндөр байхаар байна. уг нөлөө Колумбын тэсрэх
бөмбөгдөлт (Camacho 2008) болон Чилийн
газар хөдлөлтөөс (Torche 2011) илүү
хортой байгааг мөн онцолсон.
Дүгнэлт
Vardardottir-н Исландын
эдийн засгийн хямрал ба төрөлтийн талаар хийсэн судалгаа нь хямрал нь стрессийг
үүсгэж нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болохыг хөндсөн.
Хамгийн онцолж болохоор
үр дүн нь нийгмийн эрүүл мэндийн систем хөгжсөн хөгжингүй эдийн засагт ч
төрөлтөнд хүчтэй бодит сөрөг нөлөө үзүүлж болохыг харуулсан.
Дэлхий даяар гэр бүлд
тулгараад байгаа санхүүгийн стресс нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхээс
гадна хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, эсэн мэнд мэндлэх болон хойших амьдралд нь
чухал нөлөөлөхөөр байна.
▲Зураг: Жирэмсэн эхийнхээ гэдсэнд хүрч буй охин, REUTERS/Regis Duvix
[1] Нэрлэсэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээс
Эх сурвалж: www.wefum.org
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.