Winsway Enterprises
(01733 HK) компанийн зүгээс 349 сая
ам.долларын зээлийн төлбөрийн бүтцийн өөрчлөлт хийх асуудлаа АНУ-н Дампуурлын
тухай хуулийн 15 дахь заалтын дагуу шийдвэрлэх хүсэлт илгээснээ зарлалаа. New
York хотын шүүхийн зүгээс тус
хүсэлтийг хүлээн авч 2016 оны 5-р сарын 9-ны өдөр шийдэхээр төлөвлөжээ. Мөн тус
хүсэлт 2016 оны 5-р сарын 11-ны өдөр Зүүн Карибын тэнгисийн Дээд шүүхийн
арилжааны хэлтэс шийдвэрлэхээр болсон байна. Харин Хонк Конгийн Тусгай
Захиргааны Шүүхийн хэсэг нь 2016 оны 5-р сарын 17-нд тус хүсэлтийг хэлэлцэхээр
төлөвлөжээ.
Хонг Конгийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн зүгээс өмнө нь АНУ-н шүүхэд
дампуурлын үеийн хамгаалалт хийх хүсэлтээ илгээсэн байсан. Энэхүү хамгаалалт нь
компани санхүүгийн бэрхшээлээ шийдэж байх хугацаанд АНУ дахь хөрөнгийг нь
шүүхээс хамгаална гэсэн үг юм. Тодруулбал Winsway компанийн аль нэг бонд эзэмшигч шүүхэд хандаж
компанийн хөрөнгийг хураах боломжгүй болох хуулийн хамгаалалт аж.
Монголын нүүрсний
гол худалдан авагчдын нэг “Winsway Enterprises” компани 2011 онд 5 жилийн
хугацаатай, 8.5 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын бонд гаргаснаас 349 саяын
бонд үлдээд байсан бөгөөд 2015 онд бондын хүүгийн төлбөрийг төлж чадахгүй
болсон тул дефолть зарлаад байсан юм. “Winsway”-ийн хувьд нүүрс импортолж
эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг. Харин Монголоос худалдан авах хэмжээ нь өнгөрсөн
онд тав дахин буурч, нэг сая тонн болсон байна. Монголын нүүрсний өрсөлдөх
чадвар алдагдсантай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг далайн чанадаас
импортлох болсон талаар тус компаниас мэдээлээд байсан юм.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.