Дэлхий дахины санхүүгийн бус секторын өрийн өсөлт - Санхүүгийн салбарын эрсдэл

Дэлхий дахины өрийн тойм


Дэлхий дахины санхүүгийн бус секторын өрийн хэмжээ 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 153 их наяд (триллион) ам.долларт хүрсэн байна. Зарим шинжээчид сүүлийн жилүүд дэх өрийн өсөлтийг дэлхий даяар мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаатай холбон тайлбарлаж байна.

Зураг 1. Дэлхий дахины санхүүгийн бус салбарын өрийн динамик (их наяд ам.доллараар)

Дээрх зурагт дэлхий дахины санхүүгийн бус салбарын өрийн 2007-2015 онуудын динамикийг харууллаа. Энэ хугацаанд дэлхий дахины санхүүгийн бус салбарын өр 53.4 их наяд ам.доллараар нэмэгдсэн байна.

Хятад улсын өрийн тойм

Санхүүгийн салбарын өрийн хэмжээ ийнхүү өсөхөд Хятад улсын нөлөө хамгийн өндөр байн. Тус улсын санхүүгийн бус салбарын өр 2008-2009 оны санхүүгийн хямралаас шалтгаалан эрчимтэй өсчээ. Зарим шинжээчид Хятад улсад ойрын хугацаанд өрийн хямрал бий болох эрсдэлтэй байгааг сануулж байна.

2008-09 онуудын санхүүгийн хямралын дараа Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт саарч, санхүүгийн систем дэх мөнгөний урсгал идэвхжиж эхэлсэн билээ. Үйлдвэрлэлд илүү хэрэглээнд тулгуурласан эдийн засагруу шилжих шилжилт нь мөнгөний тэлэх (зөөлөн) бодлого болон үл хөдлөх хөрөнгийн салбар, хувьцааны зах зээл дэх мөнгөний урсгалыг илүүтэй дэмжиж байж амжилттай хэрэгжих юм. 

Өөрөөр хэлбэл, уг бодлого нь хятад улсын санхүүгийн бус салбарыханд өр үүсгэхэд маш хялбар болгосоор байна. Дараах зурагт Хятадын санхүүгийн бус салбарын өр 2007 оны эхэнд 4.2 их наяд ам.доллар байсан бол 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 26 их наяд ам.долларт хүрсэнийг харууллаа.

Зураг 2. Хятад улсын санхүүгийн бус салбарын өрийн динамик (их наяд ам.доллараар)

Энд дурьдах гэсэн гол зүйл бол 2015 оны эхний 9 сард Хятадын санхүүгийн бус салбарын өр 2.5 их наяд ам.доллараар өссөн байна. Тус улсын эдийн засгийн идэвхижил сэргэвэл 2016 онд өрийн томоохон өсөлт нэмж бий болох магадлал өндөр байна.

Өөрөөр хэлбэл, Хятад улсад санхүүгийн бус салбарын өрийн өсөлт нь тус улсын санхүүгийн салбарт сайнаар нөлөөлөхгүй бөгөөд цаашилбал үүнээс үүдэлтэйгээр томоохон банкууд дампуурах эрсдэлд орох магадлал өндөр байгаа тухай олон улсын шинжээчид бичиж байна. 



Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал

research@egulecapital.mn