Эдийн засгийн ирээдүйн төлвийг ОУВС ингэж харж байна


·         Манай улсын эдийн засаг 2016 онд 0.4 хувиар өснө.
·         Дэлхий дахины эдийн засаг 2016 онд 3.2 хувиар өснө.
·         Хятад улсын эдийн засаг 2016 онд 6.5 хувиар өснө.
·         Энэтхэг улсын эдийн засаг 2016 онд 7.5 хувиар өснө.
·         Олон улсын зах зээл дээрх металын үнэ 2016 онд 14 хувиар буурна.

Дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн төсөөлөл

Олон улсын валютын сангаас саяхан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг гаргажээ. Уг тайланд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөллөө бууруулсан байна. Ингэснээр тэд сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дөрөв дэх удаагаа бууруулж байна.

ОУВС нь дэлхий дахины эдийн засгийг 2016 онд 3.4 хувиар өснө (энэ оны нэгдүгээр сард зарласан) гэж таамаглаж байсан бол сүүлийн тайлангаар 3.2 хувь болгож бууруулсан байна. Мөн тэд 2017 оны дэлхий дахины эдийн засгийн өсөлтийг 3.5 хувь байхаар төсөөлжээ.  

Монголын эдийн засгийн төсөөлөл

ОУВС-гаас энэ сард гаргасан тайланд манай улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 хувь байхаар төсөөлсөн бол 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлжээ. Харин 2021 онд манай улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өндөр буюу 7.2 хувь байхаар төсөөлсөн байна.

Ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтийг багаар төсөөлж байгаа нь түүхий эдийн үнийн уналт болон Хятад улсын эдийн засгийн агшилттай холбоотой байна.

Зураг 1. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл
Эх сурвалж: ОУВС

ОУВС-гаас энэ сард гаргасан тайланд манай улсын 2016 оны инфляцийн түвшшин 1.9 хувь байхаар төсөөлсөн бол 2017 оны инфляцийг 4.3 хувь байхаар төсөөлжээ. 2021 оны инфляцийн түвшин харьцангуй өндөр буюу 6.4 хувь байхаар төсөөлсөн байна.

Зураг 2. Инфляцийн төсөөлөл

Эх сурвалж: ОУВС

Хятад улсын эдийн засгийн төсөөлөл

Дэлхий дахины эдийн засаг 78 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. АНУ-ын эдийн засаг нь дэлхийн нийт эдийн засгийн 22 хувийг бүрдүүлж байгаа бол Европын холбоо 20 хувийг, Хятад улс 13 хувийг нь бүрдүүлж байна. Дээрх гурван эдийн засаг нийлээд дэлхийн нийт эдийн засгийн 55 хувийг бүрдүүлж байна.

Дээрх статистик нь Хятад улсын эдийн засаг нь дэлхий нийтийн түвшинд хэр нөлөөтэйг харуулж байгаа бөгөөд бид яагаад тус эдийн засгийг байнга бичиж байдгийн шалтгаан юм.

ОУВС нь Хятадын эдийн засгийн 2016 оны өсөлтийн төсөөллийг 6.5 хувь болгож, өмнөх төсөөллөө 0.2 хувиар нэмэгдүүлжээ. Мөн тус улсын эдийн засгийн 2017 оны өсөлтийг 6.2 хувь байхаар төсөөлжээ. Хятад улсын эдийн засгийн 2015 оны өсөлт нь 6.9 хувь байжээ.

Хятад улсын эдийн засгийн өсөлтийг 2015 оны түвшингээс бууруулж таамагласан нь тус улсын эдийн засгийн бүтцийн шилжилттэй холбоотой байна. Хятад улс нь цаашид эдийн засгаа үйлдвэрлэлд бус үйлчилгээ болон хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэх шилжилт хийж байгаа юм.

ОУВС-гийн тайланд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа нь худалдаа, түүхий эдийн үнэ зэргээр дамжин нөлөөлж, дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулахад нөлөөлж байна гэжээ.

Зураг 3. Дэлхийн нийт валютын хэрэглээнд эзлэх хувь,

Эх сурвалж: Дэлхийн банк
Хятадын эдийн засаг нь хэмжээгээрээ дэлхийн хоёрдох том эдийн засаг бөгөөд дэлхий дахины металын эрэлтийн бараг талыг нь бүрдүүлдэг улс юм. Иймд Хятад улсын эдийн загсийн өсөлтийн хурд буурах нь түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна.

ОУВС-гийн тайланд олон улсын зах зээл дээрх металын үнэ 2016 онд 14 хувиар, 2017 онд 1 хувиар буурахаар таамагласан байна. Үнийн бууралт цаашид ийнхүү үргэлжлэх нь металын эрэлт болон нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөх нь талд дээр тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна.

Дараах зураг нь металын үнийн түвшин арван жилийн өмнөх түвшинд хүртэл унасан байгааг харж болохоор байна.

Зураг 4. Түүхий эдийн үнийн индекс

Эх сурвалж: ОУВС

Дараах зураг нь Хятадын металын хэрэгээний жилийн өсөлт буурч байгааг харуулж (шууд харагдахгүй ч налалтын өөрчлөлтөөс ажиглах боломжтой) байна. Хятад улсын металын хэрэглээ нь 1995-2008 онуудад дундажаар жилд 10.3 хувиар өсч байсан бол 2010-2014 онуудад дундажаар жилд дөнгөж 3.2 хувиар өсчээ.

Зураг 5. Металын хэрэглээ


Энэтхэг улсын эдийн засгийн төсөөлөл

ОУВС-гийн тайланд Энэтхэг улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр буюу 7.5 хувь байхаар төсөөлжээ. Энэтхэг улсын эдийн засаг өнгөрсөн онд 7.3 хувиар өсч байжээ. Тус улсын нүүрсний хэрэглээ болон импорт хурдтай өсөх хандлагатай байгаа тухай тайланд дурьджээ.

Энэтхэгийн металын хэрэглээ нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд хоёр дахин өссөн байна. Гэвч тус улсын металын хэрэглээ нь дэлхий дахины металын хэрэглээний зөвхөн 3.4 хувийг бүрдүүлж байгаа учир олон улсын зах зээл дээрх металын үнэд нөлөөлөх боломж бага байна. 


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn