Хямрал болж, алтны эрэлт өсөх үү?



Товч дүгнэлт 
  • Алт худалдан авах хандлага нэмэгдэж, алтны үнэ 2016 онд эргээд өсч эхэллээ.
  • Ойрын үед бий болоод байгаа дэлхийн зах зээлийн идэвхигүй байдал, ам.долларын ханшийн чангаралт, нефтийн үнийн бууралт болон Холбооны нөөцийн банкнаас хүү өсгөж байгаа зэргийг зарим шинжээчид дэлхий нийтийг хамарсан хямралын дохио гэж үзэж байгаа бөгөөд тэд алт худалдан авахыг зөвлөж байна. 

Эх үүсвэр: Bloomberg
Олон шинжээчид 2015 оны эхэнд унци алтны үнийг 1300 ам.доллар байхад алтны ханшыг унахаар төсөөлж, алтыг зарахыг зөвлөж байсан юм. Шинжээчдийн уг таамаглал гарцаагүй зөв байсан бөгөөд 2015 онд алтны ханш унасаар 12 дугаар сард Холбооны нөөцийн банкаас бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэхэд 1050 ам.доллар болж буурсан байна.
Харин 2016 он гарсаар зарим шинжээчид алт худалдан авахыг зөвлөж байна. Яагаад?
Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өсөх нь АНУ-ын компаниудын ашгийг бууруулж байна.
Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээр 0.25 хувиар 2016 онд дөрвөн удаа, 2017 онд дөрвөн удаа, 2018 онд гурван удаа өсгөхөөр төсөөлж байна.
Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оны 6 дугаар сард 3.3 хувь байхаар төсөөлж байсан бол сүүлд 2.9 хувь болгож буурууллаа. Шанхайн нэгдсэн индекс шинэ он гарсаар 18 хувиар буурлаа. Эдгээр үзүүлэлтүүд нь санхүүгийн хямрал бий болоход ойрхон байгааг илтгэж байна.
Дэлхий нийтийн эдийн засгийн идэвхи буурч байгаа энэ үед ам.долларын ханш чангарч нь АНУ-ын үндэстэн дамнасан корпорациудын ашгийг бууруулж байна. S&P 500 компаниудын борлуулалтын 46-47 хувь нь АНУ-аас бусад улсуудад хийгддэг байна. Зарим шинжээчид дэлхийн эдийн засгийн нөхцөл тааруу байхад Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниуддаа сөрөг нөлөө үзүүлж болох тухай дүгнэж байна. 
АНУ инфляцийн зорилтот түвшиндээ хүрч чадахгүй байгаа нь үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулж, ажил эрхлэлт буурахад хүргэж байна. 
Эх сурвалж: Trading Economics
Сүүлийн үед түүхий нефтийн үнэ сүүлийн 12 жилийн хамгийн доод үнэ буюу нэг баррель нь 29.93 ам.долларт хүрлээ. Морган Стэнлэй (Morgan Stanley) санхүүгийн корпорациас нефтийн илүүдэл нийлүүлэлт болон сул эрэлтээс үүдэлтэйгээр нэг баррель нефтийн үнийг 20 ам.доллараас доош орохоор байна гэж таамаглажээ. Холбооны нөөцийн банкнаас инфляцийг 2 хувьд хүргэж өсгөх зорилт тавиад байгаа бөгөөд бодлогын хүүг нэмэгдүүлсэн хэдий ч нефтийн үнийн бууралтаас үүдэн инфляци төдийлөн өсөхгүй байна.
Хүү өсч байгаа нь АНУ-ын компаниудын ашигт нөлөөлж байгаа бөгөөд зарим компаниуд ажилчдаа цомхтгох, цалингаа бууруулах зэрэг арга хэмжээ авч байна. Macy's (NYSE: M), болон Walmart (NYSE:WMT) зэрэг компаниуд ажилчдаа цомхтгож байгаа бөгөөд мөн зарим дэлгүүрүүдээ хаахаар болжээ. Зарим шинжээчид дэлхийн эдийн засаг уналттай байгаа энэ үед Холбооны Нөөцийн Банкнаас хүүгээ өсгөх нь дотоодын ажил эрхлэлтээ бууруулах эрсдэлтэй тухай дүгнэж байна.
Алтны эрэлт өсч байна. 
Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал нь хямралын шинж чанарыг агуулж байгаа нь алтны эрэлтэд эерэгээр нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчдын арилжааны зорилгоор нөөцөлсөн алтны хэмжээ 19.6 тонноор өсч 1,477.7 тоннд хүрсэн байна. Орос болон Хятадын төсв банкууд 2015 оны 11 сард 55 тонн алт худалдан авсан байна. Сүүлийн үед шинжээчид 2016 онд алтны худалдан авалт өснө гэж таамаглаж байна. 
Дүгнэлт
Олон улсын олон шинжээчид дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болохыг сануулж байгаа бөгөөд тэд алт худалдан авах замаар хөрөнгийн үнэ цэнээ хадгалахыг зөвлөж байна. 

Алтны эрэлт өсөх нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

Эгүлэ Капитал судалгааны компаниас гаргасан Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоолол дахь төсөөллүүдийн талаарх тайланд манай улсын 2016 оны алтны төсөөллийн талаар дараах тусгагдсан байна. 
Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд нэг унци алтны үнийг 1,156 ам.доллар байхаар төсөөлж, 23.6 тонн алт олборлохоор тооцсон байна. 2016 онд Оюутолгой ХХК нь 10.1 тонн алтыг олборлож экспортлох, мөн Алт хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкуудад 13.5 тонн алт тушаагдахаар тооцсон байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоолол дахь төсөөллүүдийн талаар Эгүлэ Капитал судалгааны компанийн тайлангаас танилцах боломжтой байна.  

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn