Хадгаламжийн хүүний татвар авах нь зөв үү?

1992 оноос хэрэгжиж байсан ч эдийн засгийн хямралаас шалтгаалан хүчингүй болгосон хадгаламжийн хүүний орлогоос 10 хувийн татвар авах хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна.

Хэдийгээр орлогын нэг хэлбэр болох хадгаламжийн хүүнээс татвар авах нь шударга зүйл боловч эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй үед хэрэгжүүлж эхлэх нь цагаа олсон зөв шийдвэр мөн үү гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. 100 саяас дээшхи дүнтэй хадгаламжийн хүүнээс татвар авах бодлого хэрэгжиж байгаа бөгөөд 2014 онд татварын алба 2.6 тэрбум төгрөг төлөвлөсөн хэдий ч 123,000 төгрөгийн татвар орлого бүрджээ.
















Тус татварын систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улс оронд хэрэгждэг бөгөөд орлогын эх үүсвэрээс нь шууд татах замаар хэрэгжиж төсөвт төвлөрдөг. Европын орнуудын татварын дундаж хувь 20 хувь бол Азийн орнуудынх дунджаар 15 хувьтай байна. 

Одоогоор Дани, Недерланд, Их Британи улсад тус татвар хэрэгжихгүй байгаа бол Азиас Мяньмар, Хонг Конг, Камбож, Вьетнам зэрэг улсад татвар авдаггүй зохицуулалттай.
Нийгэм, санхүүгийн салбар нь тогтворжсон улс оронд эдийн засаг тэлэлттэй үед хэрэгжүүлдэг тус татварыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? гэдэгт эерэг, сөрөг талуудыг харьцуулж хариулт өгөхийг зорилоо.
Эерэг тал: 
- Улсад ямар нэг үйл ажиллагаа явуулан ашиг олсон бол орлогын албан татвар ногдуулж буй нь шударга зүйл юм. Эдийн засгийн онолын хувьд ч хадгаламжийн хүүний татвар нь мөнгөн дүнд тохирсон их, бага татвар ногдуулж баялагын тэгш хуваарилалтыг бий болгоход эерэг нөлөө үзүүлж буй хэрэг юм. Мөн зарим улсад бага хадгаламжинд бага татвар ногдуулдаг туршлага байдаг.

-Хадгаламжийн хүүнд татвар оногдуулснаар байгууллага болон иргэд хөрөнгө оруулалтын өөр хэрэгсэлд хөрөнгөө байршуулах сонирхол нэмэгдэж хөрөнгийн зах, хөрөнгө оруулалтын сан, даатгал зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэх юм. Манай улсад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй хэрнээ хувьцааны ногдол ашиг болон ашигтай хувьцааны орлого зэргээс татвар авч байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихөд саад болж буй нэг шалтгаан болж байна.        

- Экспортын орлогыг бүрдүүлэгч түүхий эдийн уналт, орлого зарлагын хангалтгүй төлөвлөлтөөс үүдсэн төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай юм. Татварын бодлого хэрэгжлээ гэж үзэхэд 2015.9-р сарын байдлаар
Нийт хадгаламж 7.2 их наяд төгрөг * ЖДХ 13.1% * 10% = 94.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөхөөр тооцоологдож байна. Одоогийн төсвийн алдагдал 867.3 тэр.төг байгаа бөгөөд үүний 10 хувьтай тэнцэнэ.

Сөрөг тал
-     Эдийн засаг болон банкны салбарын нөхцөл таагүй байгаа энэ үед шинэ татварын бодлогыг хэрэгжүүлснээр банкинд мөнгөө хадгалуулах сонирхол багасч, банкны салбарын хадгаламжийн хэмжээ бууран эх үүсвэр дутагдах эрсдэлтэй. Банкны салбарын нийт хадгаламж өмнөх жилүүдэд дунджаар 20 хувь өсдөг байсан бол есдүгээр сарын байдлаар өнгөрсөн оноос 104.6 тэр.төг буюу 1.4 хувь буурсан, нийт зээл 5 хувь буурсан үзүүлэлттэй байна.
Мөн иргэд өөрийн хөрөнгөө үл хөдлөх эсвэл бусад татвар багатай зүйлд шилжүүлж үнийн хөөрөгдөл бий болох, эрсдэл өндөртэй банк бус, хадгаламж зээлийн хоршууд хөрөнгө орох эрсдэл өндөр юм.
Одоогоор банкны системийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсч байгаа тул тус салбарыг эрсдэл оруулах нь зохисгүй үйлдэл болно. Учир нь банкны салбар доголдсоноор зээл олголт хумигдаж, зээлийн эх үүсвэр багатай манай улсын эдийн засгийн үйл явц зогсонги байдалд орж хямралыг гүнзгийрүүлэх магадлалтай.
- Хадгаламж, ДНБ-ний харьцаа
-    

           Татварын бодлогыг хэрэгжүүлэх журам тодорхойгүй байгаа нь итгэлцэл дээр суурилдаг банкны салбарт сөрөг нөлөөтэй. Учир нь зээлдэгчийн мэдээлэл тухайн банкны нууцад хамаарах тул татварын бодлого нь энэ мэдээлэл алдагдах эрсдэл бодитоор бий болж итгэлцэл багасах шалтгаан болох юм.

Дүгнэлт:
            Орлогоос татвар авч байгаа зарчимаа дагаж хадгаламжийн хүүнээс татвар авах нь шударга зүйл хэдий ч одоогийн эдийн засгийн нөхцөлд эерэг нөлөө үзүүлэхээс илүүтэй сөрөг нөлөө давамгайлахаар байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж дунджаар 3 хувьтай байх магадлалтай байгаа өнөө үед банкны салбарыг эрсдэлд оруулах нь бусад бүх салбарын өсөлтийг зогсоох магадлалтай. Мөн өрхийн орлогын хэмжээ, зардлын хэмжээнээс илүү гарч чадахгүй байгаа нөхцөлд энэ шийдвэр нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж болох юм. Тиймээс тус татварын бодлогыг эдийн засгийн өсөлт нэмэгдэж, банкны салбар тогтворжсон үед сангийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй алхам болохоор байна.


Egule Capital-н судалгааны баг бэлтгэв, холбоо барих research@egulecapital.mn