Хятадын түүхий эдийн хэрэглээ



 
Хятадын статистикийн газраас энэ долоо хоногийн гуравдахь өдрөөс эхлэн 2015 оны эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан гүйцэтгэлийн зарлаж эхлээд байна.

Хятадын түүхий эдийн импорт өнгөрсөн сард огцом өссөн байна. Тухайлбал газрын тосны импорт нь 12 дугаар сард 9.3 хувиар өссөн бол зэсийн импорт мөн 9.3 хувиар өссөн байна.
Хятадын түүхий эдийн импортын энэхүү өсөлт нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэд бага зэрэг нөлөөлж байгаа тухай шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, зэсийн ханш 0.56 хувиар өсч 4,382.5 ам.доллар хүрсэн байна. Австрали-Шинэ Зеландийн Банкны Группийн шинжээч Daniel Hynes “Хятадын түүхий эдийн импортын энэхүү өсөлт нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч урт хугацаанд үргэлжлэхгүй” гэж дүгнэжээ.

Хятадын газрын тос, төмрийн хүдрийн 2015 оны импортын хэмжээ өмнөх онуудаас өндөр байсан бол зэсийн импорт өмнөх оноос 0.3 хувиар буурсан байна. Хятадын дотоодын нүүрсний үнэ болон эрэлт буурсны улмаас нүүрсний импорт 30 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын худалдааны эргэлт хүлээгдэж байснаас бага агшсан байгаа ч эдийн засгийн өсөлт нь сүүлийн 25 жилийн хамгийн бага түвшинд гарахаар байгаа тухай шинжээчид дүгнэж байна.
Нефтийн стратегийн нөөц бүрдүүлэх болон цэвэршүүлсэн шатахуун экпортлох бодлого баримталж байгаатай холбоотойгоор 2015 онд Хятадын түүхий нефтийн импорт 9 хувиар нэмэгдсэн байна.

Ройтерс агентлагийн тооцоолсноор Хятад улс нь 2015 оны эхний 11 сард газрын тосны нөөцөө 147 сая баррелиар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн газрын тосны 1.5 өдрийн үйлдвэрлэлийн хэмжээтэй тэнцэж байна. Хятад улсын энэ оны түүхий нефтийн импорт 2015 оны түвшнээс буурахгүй байх тухай шинжээчид дүгнэж байна.

Хятадын гангийн үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа болон юанын ханш сулрах хандлагатай байгаа учир төмрийн хүдрийн импорт буурч эхлэх төлөвтэй байгаа тухай шинжээчид ярьж байна. Мөн Хятад улсын бохирдлыг бууруулах бодлого болон дотоодын нүүрсний үнийн бууралт нь тус улсын нүүрсний импортыг эрс бууруулахаар байна.

ХонгКонг дахь Argonaut Securities компанийн шинжээч Helen Lau “Хятадын нийт импорт 2016 онд 10 орчим хувиар буурах магадлалтай байна” гэж таамаглажээ.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn